ROCK »

Monday, November 23, 2009

ӨГӨӨДЭЙ(1186-1241) хааны тухай

Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн гурав дахь хүн. Чингис хааны дараа Өгөөдэй монголын их хаан болжээ. Өгөөдэй нь эцэг Чингисийг амьд байхад Ван хааны цэрэгтэй байлдан шархдаж байв. Алтан улс, Хорезмын эсрэг дайнд цэрэг удирдан оролцож байв.
Өгөөдэй багаасаа ухаалаг, уян зөөлөн сэтгэлтэй, голч, шударга, зарчимч, юмны нарийн учрыг олохыг эрмэлздэг, үсэг бичиг мэддэг болж өсчээ. Тийм ч учраас гурван хүү нь Хорезмыг эзлэх дайнд бие даан мордохдоо:
- Бид хэнийхээ үгээр явах вэ? хэмээн өчиж илгээвээс чингис хаан:
- Өгөөдэйн үгээр явагтун гэж зарлиг буулгажээ.
Чингисийн дараа Монголын их хааны орыг зүй нь ахмад хөвгүүн Зүчи залгамжлах ёстой байжээ. Гэтэл Зүчи Бөртэ хатан мэргидэд олзлогдож байхдаа гэдсэнд олж ирсэн хүүхэд гэж Чингисийн алтан ургийнханд шоовдорлогдож байжээ. Хоёр дахь хөвгүүн Цагаадай бол догшин шируун араншинтай хүн байв. Түүнийг хаан өргөмжлөх гэхэд Зүчи бас зөвшөөрөхгүй байв. Иймээс гурван хөвгүүн Өгөөдэйг их хааны орыг залгамжлуулахаар Чингис хаан өөрөө шийдвэрлэжээ. Энэ хэрэг Дундад Азийг байлдан дагуулахын өмнө болсон юм. Энэ талаар Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Зүчи, Цагаадай хоёр их хааны оронд Өгөөдэйг өргөмжлөхийг эцгийнхээ дэргэд зөвшөөрсөн юм. (Ахмад хөвгүүн Зүчи нь Чингис хааныг амьд байхад нас баржээ).
Чингисийг нас барсаны дараа эцгийнхээ гал голомтыг сахиж үлдсэн отгон хүү Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал гэдэг газар их хурилдай хийлгэн Өгөөдэйг хаан өргөмжилжээ.
Өгөөдэйг хаан өргөмжлөх ёслолд Зүчийн хөвгүүд Бат, бэр нар, Цагаадай хан хөвгүүнийхээ хамт, Отчигин, Бэлгүдэй, Алчидай нарын зэрэг ойр төрлийн ноёд зүг бүрээс ирж оролцсон байна. Өгөөдэйг хаан өргөмжлөхөд бүгдээрээ малгайгаа авч бүсээ тайлан хүзүүндээ тохож, Цагадай баруун талаас, Тулуй зүүн талаас түшиж, Отчигин ар талаас тулж хаан ширээнд өргөн суулгажээ. Тулуй авгатаа сүү өргөн барихдаа бүх хуралдагсад ёсон удаа сөгдөн Их хаан гэж өндөр дуугаар дуудан өргөмжилжээ.
Чингис хааны амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд, хаан эцгийн шадар явсан түмэт хишигтнийг Цагадай, Тулуй хоёр Өгөөдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгөөдэй хаанд өгчээ.
Өгөөдэй төрөл төрөгсөд, бүх цэрэгтээ гурван өдөр дараалан хишиг өглөг тарааж, бас улсын дотроос дөчин тооны гоо үзэсгэлэн охидыг сонгон авч торго магнаг өмсгөн алт, эрдэнийн чулуугаар чимэн зассаны дараа аргамаг хүлэг морины хамт алж, эцэг Чингис хаанд эртний заншил ёсоор тахилга өргөжээ.
Өгөөдэй хаан болоод эцэг Чингисийн төрийн бодолгыг цаашид үргэлжлүүлэв. Чингис хааны үед дагаж шийтгүүлж байсан бүх зарлиг тушаалд ямар ч өөрчлөлт нэмэлт оруулахгүй хүчин төгөлдөр хэвээр явуулна гэж тусгай зарлиг гаргажээ.
Чингисийн дэргэд алба хашиж байсан бичгийн хүн Елюй-Чуцай Өгөөдэй хааны зөвлөхөөр ажиллав. Тэрбээр Морин дээр байгуулсан улсыг морин дээрээс жолоодож болохгүй гэж сануулаад хятад мэтийн орнуудыг Хятадын өөрсдийн нь хуулиар захирах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Өгөөдэй 1234 онд Алтан улсыг эзлэн авав. Өгөөдэй алба татварын ажлыг эмх цэгцтэй болгох зорилгоор 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргажээ. Өгөөдэйн авч явуулсан бас нэг арга хэмжээ бол уургын улааг устгаж, улсын өртөөг өргөтгөн байгуулсан явдал юм. Өртөө замыг зөвхөн Монгол орны дотор төдийгүй бүх Монгол гүрний уудам нутагт байрлуулсан байна. Өгөөдэй хааны зарлиг ёсоор Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөг угтуулан байгуулжээ.
Өгөөдэй нийслэл Хархорумд 1235 онд орд харш байшин барилга нэмэн бариулж, хотыг тойруулан бэхлэлт хэрэм босгуулжээ.
Өгөөдэй хятадыг байлдан дагуулах ажлыг үргэлжлүүлэв. Түүний зарилгаар Чурамган ноён 1230 онд тсэрэг авч омнод Азэрбажианийг эзлэн аваад дараа н 1235-1239 онд Умард Азэрбаяжан, дорнод Гүрж, Армейнийг дахин довтолж, Гянжэ, Шамхор, Ани, Карс, Дэрбэнт зэрэг хотыг эзлэн авчээ. Монгол цэрэг 1231 онд Солонгост цөмрөн оржээ.
Өгөөдэй 1235 онд Хархорум хотод их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг хэлэлцсэн байна. Баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг тэр зүгийн газар орныг эзэмших эрхийг Чингис хаанаас соёрхогдсон Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ.
Цагадай ханы зөвлөснөөр мөн дайнд Өгөөдэйн ахмад хүү Гүюг, Цагадайн хүү Бүри, Байдир, Тулуйн хүү Мөнх нар болон Чингис хааны Хулан хатнаас төрсөн Хүлгэн бас оролцжээ. Бат хааны зөвлөгчөөр 1223 онд цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явжээ.
Өгөөдэйн 1241 оны 12-р сарын 11-нд нас баржээ. Түүнийг бусдад хорлогдон үхсэн гэдэг яриа таржээ. Юан гүрний сударт, Өгөөдэй хаан хээрийн ордондоо Лалын худалдаачин Абдурхмантай шөнө орой болтол дарс ууж байгаад үхэв гэсэн байдаг.

0 comments: